Wednesday, May 7, 2008

Гунигтай домог

Францын Норманд нутагт "Хоёр амрагийн уул" нэртэй жижигхэн толгой бий. Далайн төвшнөөс 120 метр өндөр болохоор холоос бараг уул гэж харагдахгүй шахам мөртлөө замгүй газраар авирахад түвэгтэй, сонин домгийн эзэн юм билээ.
Эрт урд цагт ядуу гаралтай хөвүүн нутгийнхаа баян язгууртны охинтой хайр сэтгэлтэй болсон юмсанж. Залуу хос нэг нэгэндээ хэчнээн хайртай ч, хөрөнгө чинээ, нийгэмд эзлэх байр суурийн ялгаа хамт амьдрах боломжийг нь хаан боогдуулж байжээ. Залуу нэг өдөр аль олигтой хувцасаа өмсөөд хайртай бүсгүйнхээ аавтай уулзан, зориг гарган хайртай бүсгүйгээ эхнэр болгон өгөхийг хүсчээ. Баян эрд хүсэлт мэдээж таалагдсангүй. Гэхдээ зүгээр татгалзалгүй, нутагтаа байх [тухайн үед ямар нэртэй байсныг мэдсэнгүй] уулыг заагаад "Чи миний охиныг өргөөд энэ ууланд өглөө нар мандахад эхлээд нар жаргахаас өмнө авирч чадвал чамд охиноо эхнэр болгон өгье" гэсэн юмсанж. Тэр уул нь өндөр биш, ургаа мод шиг эгц авирахад түвэгтэй нэгэн байж. Хайр сэтгэлийнхээ төлөө ю ч хийхээс буцахгүй залуу болзолыг зөвшөөрч, өглөө нар ургахтай зэрэгцэн хайртай бүсгүйгээ тэврээд ууланд авирчээ. Тэд уулын оройд гарч чадалгүй замдаа хоёулаа өнгөрчихсөн юм гэдэг. Тэд чухам яаж өнгөрсөнийг домогт дурдсангүй. Тэр цагаас хойш нутгийн түмэн энэ уулыг "Хоёр амрагийн уул" хэмээн нэрлэх болжээ.
Гурван жилийн өмнө энэ ууланд гарахдаа сонссон домог энэ. Хүмүүс их гардаг болохоор жим гаргаад аятайхан засчихсан болохоор бидэнд тийм хэцүү байсангүй. Уг уулын оройгоос Сена мөрний хөндий тун сайхан харагддаг юм билээ.


No comments: