Бидний амралтынхаа ихэнх цагийг өнгөрөөж буй газар бол 400 орчим хүн амтай Нормандын жижиг тосгон юм. Энд тэнд харагдах жижиг ойг эс тооцвол эргэн тойрны газар тэр чигээрээ тариан талбай. Тэнд дунд хааяахан туулай, үнэгхэн үе үе үзэгдэнэ. Туулайн тоо толгой нэмэгдээд талбай сүйтгэх нь ихсэв гээд эртээд машинтай хэдэн хүн ирж агнаж байх нь харагдсан.
Норманд нутаг Францын хамгийн үржил шимтэй хөрстэй нутгийн нэг гэнэ. Тийм ч учраас энэ хавийг баян нутаг гэлцдэг юм билээ. Өвсөн дээр алхахад бамбалзаад 12 сарын сүүл гэхэд сахлаг өндөр өвс нь ногооноороо нээрээ л юу ч тарьсан ургачихмаар санагдаж байна лээ шүү. Тариан талбайд дөнгөж соёолж буй буудай үзэгдэв. Энд жилд хоёр ургац авдаг юм уу гэж сонирхвол үгүй гэнэ. Буудайг намрын сүүл өвлийн эхээр тариалж зуны сүүлчээр хураадаг. Гарц сайтай сортын буудай удаан ургадаг гэнэ. Нэг га газраас 10 тонн буудай авдагийг сонсоод их гайхсан юм байна. Бороо ихтэй жил харин гарц муу буудай нь сайн боловсорч чаддаггүй гэнэ. Манайд болохоор эсрэгээрээ шүү дээ.
Эндээс арваад км яваад Ла Маншийн хоолойн эрэгт хүрнэ. Далайн эрэг дээр байх Fecamp гэх хот усан зогсоолтой, загасчдын хот аж. Хот өөрөө бараг л мянгаад жилийн түүхтэй байх юм. Цонх дээврийг улаан тоосгоор эмжсэн цахиур чулуун байшин олон харагдана. Энэ нутгийн архитектурын онцлог гэмээр юм уу даа. Энд францчууд үүх түүх уламжлалаа хадгалахын тулд маш их хүчин чармайлт гаргадгийг дурдах нь зүйтэй санагдана. Хүмүүс хуучны байшингаа тордож суухыг шинэ байшин барихаас илүүд үзнэ. Ямар гоё ч гэдэг юм уу сонирхолтой байшин хаахнуур байдаг талаар олон цагаар хуучилцгаадаг юм байна лээ. Бидний байгаа байшин ч гэсэн мөн л тэр нутгийн онцлогийг хадгалсан цахиур чулуун байшин барагцаалбал 150 орчим жилийн настай болов уу.
Эндээс арай зайдуу Сена мөрний хөндийд байх үнээний фермтэй айлд бас зочилсон юм байна. Битүү байранд 50-60 орчим саалийн үнээтэй хоёр хоног тутам 4000 орчим литр сүү тушаадаг гэнэ. Үнээгээ цахилгаан саалтуураар саахад сүү шууд хөргүүртэй том торхонд орно. Сүүний машин тэр торхноос шууд сүүгий нь юүлээд авчихдаг юм байна лээ. Миний хувьд ингэж юм үзэж явах сонин сайхан байлаа. Дараа франц хоол ундны тухай тусад нь бичнээ. Fecamp хотод авсан хэдэн зургаа оруулав.
Ингээд манайхаар зочилсон та бүхэндээ шинэ оны мэнд хүргэж, ирэх жил эрүүл энх аз хийморьтой яваарай гэж ерөөе.




